Үндсэн цэс
Далай лам наймдугаар сард Монголд ирнэ
ОХУ-ын Буриадын “Ламрим” буддын нийгэмлэгийн тэргүүн Чой-Дорж Будаев энэ жил Дээрхийн Гэгээнтэн Далай лам Буриадад айлчилна хэмээн найдаж байна. Дээрхийн Гэгээнтэн ОХУ-д нийт дөрвөн удаа 1991 онд (Халимаг), 1992 онд (Тува, Халимаг), 2004 онд (Халимаг) айлчилсан бөгөөд 2004 оноос хойш ОХУ-ын Засгийн газраас түүнд улс төрийн шалтгаанаар виза олгохоо болиод байгаа юм. Мэдээж хэрэг Хятад улсын дарамт их байгаа тул Оросын буддын шашинтнууд Далай ламын номлолыг сонсож, золгож чадалгүй олон жил болж байна. Халимагийн Ардын Хурлын дарга Анатолий Козачко энэ жилийн тавдугаар сард Далай ламыг урих хүсэлтээ ОХУ-ын Гадаад Явдлын Яаманд илгээгээд байгаа бол Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол ч ГЯЯ-ны сайд Сергей Лавровтой уулзаж, Дээрхийн Гэгээнтний визийн талаар ярилцсан гэнэ. Тиймээс Чой-Дорж Будаев Далай ламыг энэ жил Улаан-Үүд хотод богино хугацаагаар айлчлаж магадгүй хэмээн мэдэгдсэн нь Оросын бурхны шашинтнууд дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Чой-Дорж Будаевтай "Московский Комсомолец" сонины сурвалжлагч Дмитрий Родионов уулзан энэ талаар ярилцсан байна.

-Ярилцлагаа Далай лам хэзээ Буриадад ирэх вэ гэсэн асуултаар эхлэе.

-Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Энэтхэгт Далай лам монголчуудад зориулан ном унших үеэр би Михаил Ходорковскийг суллагдсаныг мэдсэн. Нэг л сайхан онцгой юм болох гэж байгаа мэт л мэдрэмж төрсөн. Тэр дороо л Ерөнхийлөгч Владимир Путинд Далай ламыг ОХУ-д албан бусаар айлчлахыг зөвшөөрөөч гэсэн хүсэлт илгээсэн. Манай “Ламрим” хийдийг барьж эхэлж байхад 2005 онд Далай лам би танай хийдийн нээлтийн ёслолд заавал ирнэ гэж амалж байсан юм.

-Тэгвэл Далай лам манай хүчирхэг хөрш Хятадын дарамт шахалтыг давж туулан, Оросын виза авна гэдгээ урьдчилан харж байжээ дээ.
-Тиймээ, би бүр өөрөөс нь сонссон юм. Энэ жил Дээрхийн Гэгээнтэн Орост хувийн шугамаар айлчилах нь гэсэн маш том итгэл найдвар надад төрөөд байгаа. Одоо би хүсэлтийнхээ хариуг хүлээж байгаа, ирэх долоо хоногт бүх юм тодорхой болно. ОХУ-ын Ерөнхийлөгчид захиа бичихээсээ өмнө би түвд хэл дээр Далай ламд хандан, ОХУ-д айлчлах албан ёсны хүсэлт ном журмаар нь илгээсэн байгаа.

-Би саяхан Монголд очоод энэ зун Далай лам Монголд ирэх гэж байна гэж мэдсэн. Буриадын буддын шашинтнууд Монголд очоод Гэгээнтэнтэй уулзсан нь амар биш үү? Гэхдээ Далай ламын албан ёсны цахим хуудсан дээр Монголд айлчлал хийнэ гэж юу ч дурдаагүй байна билээ.

-Тиймээ, энэ айлчлалын талаар нэг ч үг байхгүй байгаа. Гэхдээ Дээрхийн Гэгээнтэн надтай ярилцаж байхдаа наймдугаар сард Улаанбаатарт очно гэж хэлсэн. Тэгэхээр Монгол орох замдаа Буриадад ирнэ гэж бид найдаж байгаа. Албан ёсны биш хувийн айлчлал, дээр нь Буриадын нэгэн жижигхэн хийдийн урилгаар ирэх болохоор ямар ч улс төр энд байхгүй тул виза гарах байх гэж итгэж байгаа. Манай хийдэд таван түвд лам бий. Хоёр жилийн өмнө би Далай ламаас Түвдийн сүмээс лам нар илгээж, коммунист дэглэм, хэлмэгдлээр олон сүм хийд нурааж, байгаль дэлхий, уул усыг бузарласныг ариутгах ёслол хийж өгөхийг хүссэн юм. Олон жилийн турш бурхны шашин дарагдсанаас энэ ёслолыг бид ном журмаар нь хийж чадахгүй болсон байсан. Ариутгасны дараа олон булаг шанд, рашаан ус сэргэн оргилж эхэлсэн.

-Буриадад буддын шашныхны хооронд хагаралтай, нэг хэсэг нь уламжлалт Түвдийн шашин, нөгөө хэсэг нь Аюшеев хамбын урсгалд шүтэн биширдэг. Энэ хоёр урсгал нэгдэж, нийлж болохгүй юм болов уу?
-Бүх юм хүний хүчин зүйлсээс, Хамба лам Аюшеевээс л хамаарна. Нас ахих тусам Хамба лам цэцэн цэлмэг болж, нааштай үйл ажиллагаа явуулах байх гэж найддаг. Бидний санал бодол болон өөрсдийг маань Хамба лам хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор бид өөрсдөө түүн дээр очихгүй. Ойртож нэгдэхийг тэр л хийх ёстой. ОХУ-ын Сангхад ордоггүй Тува, Халимагийн сүм хийдийн төлөөлөгчтэй ч уулзаж ярилцаж болох юм. Бид маргалдаж, сөргөлдөж болох ч энэ уулзалт Оросын бурхны шашинтнуудын хоорондхи яриа хэлэлцээний эхлэл болж болох юм. Ер нь бол эв найрамдалтай амьдарцгаая гэж хэлэх байна. Би өнгөрсөн 12 дугаар сард Далай ламын номлол дээр “Би олон удаа ном сонсож, бага зэрэг ухаан суулаа, ярилцаж эхлэх үү гэж Хамба лам Аюшеевт захиа бичсэн ч яахав гэж тоглож байсан юм. Хамба ч гэсэн  тэгэж бодож байж болох л юм.

М.Сугар-Эрдэнэ


Сэтгэгдэл
Нийт: 5
Нэр:
Сэтгэгдэл:
  • Зочин
    2014 оны 2 сарын 5
    МОНГОЛ ОРОНД ТАВТАЙ МОРИЛН УУ?
  • Зочин
    2014 оны 2 сарын 5
    Хятад улам хүчирхэгжиж байгаа энэ үед бид Далай ламыг дотночлох нь муугийн л цондон доо хө
  • Зочин
    2014 оны 2 сарын 5
    БОЛЬЁ ОО
  • Зочин
    2014 оны 2 сарын 5
    hulchgar l bn daa huu
  • Зочин
    2014 оны 2 сарын 5
    БОЛЬЁ ОО
Санал болгох
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. (c) www.time.mn